Гадаад Харилцааны Сайд Н. Энхтайван ЕХ-ны ТРАМ төслийн багтай уулзав.
Mon aug 2020
Author: administrator
Read count: 69

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Н. Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийг хүлээн авч уулзав. Төслийн зүгээс 2017 онд хэрэгжиж эхэлснээс хойш хүрсэн үр дүн, үйл ажиллагаа ялангуяа төслийн хүрээнд боловсруулсан бодлого, хууль эрх зүйн баримт бичгүүд болох Гадаад худалдааны бодлогын үзэл баримтлал, Хамгаалалтын арга хэмжээний тухай журмын төсөл, Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон төслийн хүрээнд дэмжигдэж байгаа сонгогдсон 4 салбарууд болох байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос/сарлагийн хөөвөр, сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа танилцуулав.

Уулзалтын үеэр “Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан экспортын санхүүжилт” судалгааны тайланг гардуулав. Судалгаанд үндэслэж Засгийн Газарт Экспортын Зээлийн Батлан Даалтын Агентлаг (ЭЗБДА) байгуулахыг зөвлөмж болгон хүргүүлж байгаа бөгөөд энэ тохиолдолд Монголын уул уурхайн бус экспортлогч компаниуд экспортын хэмжээгээ 50-80 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Төслийн баг энэ Агентлагийг байгуулах асуудлыг Засгийн Газрын Мөрийн Хөтөлбөрт (2021-2024) тусгагдана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Сайд Н. Энхтайван шинэ Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаад худалдааны бодлогын асуудал тусгагдсан бөгөөд Монгол Улс ЕвроАзийн ЭЗН болон Солонгос улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудлууд болох ЖДҮ нарт зах зээлд нэвтрэх боломж олгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг дэмжих болон худалдааг хөнгөвчлөх зэрэг олон сэдвийг хамарч хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурьдсан. Төслийн үр дүнг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай бөгөөд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд хамтран ажиллахаа мэдэгдэв.