ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хорооны Хуралд ГЕГ-ийн Төлөөлөгчид оролцов (2019-10 сар)
Лха 4-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 191

Щвейцарь Улсын Женев хотноо 2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хорооны ээлжит хуралд Европын холбооны Худалдааг дэмжих ТРАМ төслийн санхүүжилтээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсон. Энэ нь Монголын гаалийн байгууллагын сүүлийн 10 жилд анх удаа ДХБ-ын хуралдаанд оролцсон онцлог явдал болсон.

Хуралдаанд ДХБ-ын гишүүн орны Худалдааны яам, Гааль, Хил хамгаалах алба, Олон улсын байгууллага, ажиглагч, хувийн хэвшил, академик судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон. Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралдааныг Афганистан Улсаас Женевт суух Элчин Сайд Mohammad Qurban HAQJOA даргалсан. Хуралдааны үеэр гишүүд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ил тод байдлын мэдэгдлээ (Зүйл 1, 10.4, 10.6 болон 12 ) шинэчлэхээс гадна, өөрсдийн туршлагаа хуваалцсан. Монголын талаас Хэлэлцээрийн 1.4 заалтын хүрээнд ил тод байдлын мэдэгдлээ танилцуулсан.

Хуралдааны үеэр ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцааны газрын ахлах мэргэжилтэн, НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлагын худалдааг хөнгөвчлөх нэгжийн дарга, ОХУ-ын худалдааны төлөөлөгчтэй уулзаж, худалдааг хөнгөвчлөх, түүний дотор цахим нэг цонхны чиглэлээр санал солилцсон.

Ийнхүү гаалийн байгууллагаас ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралд анх удаа оролцож, хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг 2020 оны Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, стратегийн болон үйл ажиллагааны түвшинд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.