Монголын худалдааг дэмжих төсөл (EU TRAM)
Лха 3-р сар 2018
Нийтлэгч: admin
Read count: 315

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төр ба хувийн хэвшлийн салбарын 200 гаруй төлөөллийг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр Гадаад Харилцааны Яаман дээр зохион байгууллаа. Нийт 5 сая гаруй Еврогийн санхүүжилттэй, 4 жил хэрэгжих уг төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын худалдааны салбарыг хөгжүүлж эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах түүнчлэн ядуурлыг бууруулж эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөллийг багасгах юм.

Төслийн зорилт нь худалдааны бодлого боловсруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бодлого түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн/салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах чадавхийг бэхжүүлж Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм.

Гадаад Харилцааны Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга ноён. Д.Даваасүрэн уг арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрээр дурьдахдаа 2013 онд Европын Холбоотой үзэглэсэн Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрээс хойш хоёр улсын худалдааны харилцаа өргөжиж тэлсэн. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс, Европын Холбоо хоёр талын түншлэл, хамтын ажиллагааг худалдаа ба эдийн засаг, хөгжлийн туслалцаа, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил гэх мэт бүхий л салбарт өргөжүүлэх эрх зүйн баримт бичиг юм. Ноён Д.Даваасүрэн Монгол Улс нь Европын Холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Системд хамрагдсан тул ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахдаа тарифын хөнгөлөлт эдлэх боломжийг Монголын үйлдвэрлэгч, экспортлогч нар бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа талаар дурьдсан. EU TRAM төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж бүтээгдэхүүний үнээс хамааралтай байдлыг бууруулж төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгах гэсэн стратегийн зорилтуудыг бүрэн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр тэмдэглэн хэлэв.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дарга М.Оюунчимэг МҮХАҮТ болон хувийн хэвшлийн салбарынхан EU TRAM төсөл нь Монгол Улсын экспортыг нэмэгдүүлж өргөжүүлнө хэмээн өндөр итгэл хүлээлгэж байгаа талаар дурьдсан. Монголын экспортлогчдын хувьд нэн тэргүүнд шаардлагатай стандарт, зохицуулалтын батлуулах, гадаад зах зээлд тавигдах шаардлагуудыг бүрэн хангах асуудлууд тулгараад байна.

Европын Холбооны Төлөөлөгчийн Газрын Элчин Сайдын Хэргийг Түр Хамаарагч ноён Марко Ферри хэлсэн үгэндээ Европын Холбоо нь Монгол Улсын эдийн засаг худалдааг Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр, Европын Холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+), EU TRAM төсөл гэсэн гурван тулгуураар дамжуулан дэмжин ажиллана.

Тэрээр Монгол Улс, ЕХ хоорондын 2016 оны худалдааны статистик үзүүлэлтийг танилцуулж Монголын бүтээгдэхүүнүүд ЕХ-ны зах зээлийн шаардлагуудыг бүрэн хангахгүй байгаагаас шалтгаалан ЕХ-ны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+)-ийн хүрээнд эдэлсэн хөнгөлөлтийн хувь хэмжээ бага байгааг цохон тэмдэглэсэн.

EU TRAM төсөл нь Худалдааны бодлого, Худалдааг хөнгөвчлөх, Экспортыг дэмжих гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийн үр дүнд Засгийн Газрын худалдааны бодлого боловсруулах, хэлэлцээр хийх чадавхи сайжирч худалдааны зардлыг бууруулах чиглэлээр тодорхой, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж худалдааны бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулж зуучлагчид түүнчлэн худалдаатай холбоотой төрийн бус байгууллагуудын институцийн чадавхийг бэхжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг нь сайжруулан төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай үр дүнтэй хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлсэн байна.