ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
Tue may 2021
Author: administrator
Read count: 654

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Үндэсний хорооны зургаадугаар хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, Шадар сайдын ажлын алба, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЗТХЯ, ГЕГ, МХЕГ, ҮХГ, СХЗГ, МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөл болон Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл, Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо, мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсад Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонсов. Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Монголын худалдааг дэмжих төсөл-ТРАМ”, мөн Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг оролцогчдод танилцуулав.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-өөс Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мөн тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран энэ салбарт тулгарч, шийдэл хүлээж буй асуудлуудыг тодорхойлов. Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны хуралдаанаар энэ мэдээллийг сонсож, гишүүн байгууллагуудын түвшинд зохицуулалт хийх, шийдвэрлэх асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаар тогтов.