МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 18 ДУГААР ХУРАЛДААН БРЮССЕЛЬ ХОТНОО БОЛОВ
Fri jun 2019
Author: admin
Type: News, Other news
Read count: 471

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит 18 дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо болов. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Г.Виганд нар хамтран даргалж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлуудыг хэлэлцэв.

Талууд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх эрх зүйн үндэс бүрдэж байгааг тэмдэглээд, тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, ажил, арга хэмжээний төлөвлөгөөг ойрын хугацаанд баталахаар тохиров. Мөн хуралдаанаар Европын Холбооны боловсролын хөтөлбөрүүдэд Монголын оюутан залуус, шинжлэх ухааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх чадавх бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хаягдалгүй эдийн засгийн бүтцийг бий болгож, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хоорондын Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг 4 дүгээр сарын 20-ны өдөр, Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус зохион байгуулсан бөгөөд хуралдааны дүнг протокол /тэмдэглэл/-д тусгав.